Skip to content

Жинхэнэ шашныг яаж олох вэ?

Жинхэнэ шашныг яаж олох вэ?

Библид юу гэж байдаг вэ?

 Жинхэнэ шашин болон хуурамч шашин шүтдэг хүмүүсийн ялгааг харуулахын тулд Библид дараах жишээг татсан байдаг. «Та нар тэднийг үр жимсээр нь танина. Өргөст бутнаас усан үзэм, халгайнаас инжир хураадаггүй биз дээ?» (Матай 7:16). Усан үзмийг хараад өргөст бутнаас ургаагүй гэдгийг мэддэг шиг үр жимс буюу онцлог шинжээр нь жинхэнэ шашныг хуурамч шашнаас ялгаж таньдаг.

  1.   Жинхэнэ шашин хүний мэргэн ухааныг бус, Библид үндэслэн үнэнийг заадаг (Ёохан 4:24; 17:17). Жишээлбэл сүнсний тухай үнэн, хүн диваажин болсон дэлхий дээр мөнх амьдрах найдвартай гэх зэрэг үнэнийг заадаг (Дуулал 37:29; Исаиа 35:5, 6; Езекиел 18:4). Бас хуурамч шашны сургаалуудыг илчилдэг (Матай 15:9; 23:27, 28).

  2.   Хүмүүст Бурхныг, Ехова гэдэг оноосон нэрийг нь мэдүүлдэг (Дуулал 83:18; Исаиа 42:8; Ёохан 17:3, 6). Бурхныг учир битүүлэг, хүйтэн хөндий Нэгэн мэтээр заадаггүй. Харин ч хүмүүстэй дотносон нөхөрлөхийг хүсдэгийг нь зааж сургадаг (Яаков 4:8).

  3.   Есүсийн үүргийг онцолдог. Бурхан хүн төрөлхтнийг Есүсээр дамжуулан аварсан (Үйлс 4:10, 12). Жинхэнэ шашныг шүтдэг хүмүүс Есүсийн тушаалыг дуулгавартай сахиж, жишээг нь даган дуурайхыг хичээдэг (Ёохан 13:15; 15:14).

  4.   Хүн төрөлхтний цорын ганц найдвар болох Бурхны Хаант төрийг голлон анхаардаг: Тийм учраас жинхэнэ шашин шүтдэг хүмүүс Хаант төрийг хүмүүст идэвхтэй таниулдаг (Матай 10:7; 24:14).

  5.   Бусдыг хариу нэхэлгүй хайрлаж сурахыг заадаг (Ёохан 13:35). Бүх үндэстэн ястныг хүндэлж, ямар ч угсаа гарал, ахуй соёл, хэл аялгуу, эрдэм боловсролтой хүмүүсийг алаг үздэггүй (Үйлс 10:34, 35). Гишүүд нь бусдыг хайрладаг учраас дайн дажинд оролцдоггүй (Мика 4:3; 1 Ёохан 3:11, 12).

  6.   Удирдах үүрэг хүлээдэг хүмүүстээ цалин өгдөггүй, гишүүдийнхээ хэнд ч шашны тусгай цол хэргэм олгодоггүй (Матай 23:8–12; 1 Петр 5:2, 3).

  7.   Улс төрийн үйл хэрэгт төвийг сахиж, хэзээ ч оролцдоггүй (Ёохан 17:16; 18:36). Гэхдээ жинхэнэ шашин шүтдэг хүмүүс «Цезарийн юмыг Цезарьт [төр засгийг төлөөлдөг], Бурхны юмыг Бурханд өг» гэсэн Библийн тушаалд нийцүүлэн улс орныхоо төр засгийн эрх мэдэлтнүүдийг хүндэлж, дуулгавартай байж, захирагддаг (Марк 12:17; Ром 13:1, 2).

  8.   Жинхэнэ шашин нь зан үйл, хэлбэр төдий зүйл биш юм. Амьдралын салшгүй хэсэг юм. Тийм учраас гишүүд нь Библид байдаг ёс суртахууны өндөр хэм хэмжээг амьдралынхаа бүх хүрээнд дагадаг (Эфэс 5:3–5; 1 Ёохан 3:18). Тэд дүнсгэр царайлдаггүй, харин ч «жаргалтай» Бурхныг шүтдэг учраас Бурхандаа үйлчлэхийн баяр жаргалыг эдэлдэг (1 Тимот 1:11).

  9.   Жинхэнэ шашныг шүтдэг хүмүүс цөөхүүлээ (Матай 7:13, 14). Тэд Бурхны хүслийг биелүүлдгээсээ болоод дорд үзэгддэг, шоолуулдаг, хавчигддаг (Матай 5:10–12).

Шүтдэг шашнаа жинхэнэ шашин гэж өөрөө дүгнэх нь учир дутагдалтай

 Өөрийнхөө бодолд тулгуурлан шашнаа сонгох нь аюултай. Учир нь хүмүүс «хүссэн юмыг нь заадаг багш нарыг хайх цаг ирнэ» гэж Библид зөгнөсөн байдаг (2 Тимот 4:3). Нөгөө талаас Библи бидэнд «Бурхан Эцэг цэвэр, ариун гэж үздэг» шашныг шүтэхийг, тэр байтугай олонд төдийлөн танигдаагүй байлаа ч шүтэхийг уриалдаг (Яаков 1:27; Ёохан 15:18, 19).