Skip to content

Тахлын талаар Библид юу гэж байдаг вэ?

Тахлын талаар Библид юу гэж байдаг вэ?

Библид юу гэж байдаг вэ?

 Эцсийн өдрүүдэд тахал гарна гэж Библид зөгнөсөн байдаг (Лук 21:11). Тахал бол Бурхны шийтгэл биш юм. Үнэндээ, Бурхны Хаант төр удахгүй бүх өвчин зовлонг, тэр дундаа тахлыг үгүй хийнэ.

 Библид тахал гарна гэж байдаг уу?

 Библид КОВИД-19, ДОХ, Испани томуу гэх мэтчилэн ямар тахал гарахыг тодорхой бичээгүй. Гэхдээ «тахал», «хөнөөлт тахал» гарна гэж зөгнөсөн байдаг (Лук 21:11; Илчлэл 6:8). Эдгээр үйл явдал нь «эцсийн өдрүүдийн» буюу «энэ тогтолцооны төгсгөлийн үеийн» шинж тэмдгийн нэг хэсэг юм (2 Тимот 3:1; Матай 24:3).

 Бурхан хүмүүсийг өвчин тусгаж шийтгэж байсан уу?

 Бурхан хүмүүсийг өвчин тусгаж шийтгэж байсан цөөн хэдэн тохиолдлыг Библид бичсэн байдаг. Жишээлбэл, хэдэн хүнийг уяман өвчтэй болгож байсан (Тооллого 12:1–16; Хаадын дэд 5:20–27; Шастирын дэд 26:16–21). Гэхдээ үүнээс болоод гэм зэмгүй хүмүүст өвчин халдаагүй. Харин Бурхны эсрэг тэрсэлсэн хүмүүс л шийтгүүлж өвчин туссан.

 Өнөө үед гарч байгаа тахал Бурхны шийтгэл мөн үү?

 Биш. Зарим хүн Бурхныг өнөөгийн хүмүүсийг өвчин болон тахлаар шийтгэдэг гэж боддог. Гэхдээ Библид тийм санаа байхгүй. Яагаад тэгж хэлж болох вэ?

 Нэг шалтгаан нь, Бурхныг шүтдэг хүмүүс одоо үед ч, дээр үед ч өвчин тусаж шаналж байсан. Жишээ нь, Бурханд үнэнч Тимот гэдэг хүн «байнга өвддөг» байсан (1 Тимот 5:23). Гэхдээ түүний өвддөг байсан нь Бурхан таалаагүйн шинж гэж Библид огт бичээгүй. Үүнтэй адилаар, өнөөдөр ч гэсэн Бурхныг үнэнчээр шүтдэг хүмүүс өвчин тусдаг. Ер нь хүмүүс байх ёсгүй газраа цагаа олоогүй байж байгаад хохирдог (Номлогчийн үгс 9:11).

 Нөгөөтээгүүр, Бурхны хорон муу хүмүүсийг шийтгэх цаг хараахан болоогүй байгааг Библиэс мэдэж болно. Харин ч бид «авралын өдөр» амьдарч байгаа. Өөрөөр хэлбэл, одоо бол Бурхан хайрын сэтгэлээр бүх хүмүүст өөртэй нь дотносож аврагдах боломж олгож байгаа үе юм (2 Коринт 6:2). Нэг арга нь «Хаант төрийн тухай ... сайн мэдээг» дэлхий даяар тунхаглаж байна (Матай 24:14).

 Тахал үгүй болох цаг ирэх үү?

 Тийм. Ойрын ирээдүйд нэг ч хүн өвдөхгүй болох цаг ирнэ гэж Библид зөгнөсөн байдаг. Хаант төр нь захирч эхлэхэд Бурхан бүх өвчнийг эдгээнэ (Исаиа 33:24; 35:5, 6). Бурхан зовлон, өвчин, үхлийг үгүй хийнэ (Илчлэл 21:4). Тэрбээр нас барагсдыг дэлхий дээр төгс сайхан орчинд цоо эрүүл болгож амилуулна (Дуулал 37:29; Үйлс 24:15).

 Өвчинтэй холбоотой Библийн зүйл

 Матай 4:23: «Есүс Галил даяар явж, синагогуудад очин сургаал айлдаж, Хаант төрийн тухай сайн мэдээ тунхаглаж, элдэв төрлийн өвчтэй хүмүүсийг эдгээж байлаа».

 Юу гэж ойлгох вэ?: Есүсийн үйлдсэн гайхамшиг Бурхны Хаант төр удахгүй бүх хүн төрөлхтний төлөө юу хийхийг харуулсан.

 Лук 21:11: «Тахал гарна».

 Юу гэж ойлгох вэ?: Өвчин тахал тархах нь эцсийн өдрүүдийн нэг шинж тэмдэг юм.

 Илчлэл 6:8: «Зэвхий саарал морь харлаа. Энэ морийг унасан нэгний нэрийг Үхэл гэдэг бөгөөд түүний ард холгүйхэн Булш дагаж байлаа. ... Хөнөөлт тах[лаар] ... хөнөөх эрхийг тэдэнд өгчээ».

 Юу гэж ойлгох вэ?: «Илчлэл» номд гардаг дөрвөн морьтны талаарх зөгнөлөөс одоо үед тахал гарна гэдгийг мэдэж болно.