Естер 9:1–32

  • Иудейчүүдийн ялалт (1-19)

  • Пуримын өдрийг тэмдэглэхээр болов (20-32)

9  Адар* буюу 12 дугаар сарын 13-нд хааны зарлиг, хуулийг биелүүлэх болоход иудейчүүдийг устгана гэсэн дайснуудынх нь санаархал талаар болж, тэр өдөр иудейчүүд дайснаа дарсан юм.  Ахашверош хааны бүх мужид буй иудейчүүд өөрсдийг нь хорлох гэж байсан хүмүүс рүү дайрахаар хотууддаа цугларав. Хүн бүр иудейчүүдээс айж байсан учраас хэн ч тэднийг сөрөн зогсож чадсангүй.  Мужийн захирагчид, дээд тушаалтнууд, эрх баригчид, хааны албанд зүтгэдэг хүмүүс Мордехаигаас эмээсэндээ иудейчүүдийг дэмжиж байлаа.  Мордехаи, хааны ордонд өндөр дээд алба хашиж, бүх муж даяар алдаршжээ. Учир нь Мордехаи улам их эрх мэдэлтэй болж байв.  Иудейчүүд бүх дайснаа илдээр алж устган өөрсдийг нь үзэн яддаг хүмүүст хүссэнээ хийжээ.  Тэд Суса дахь шилтгээнд 500 хүнийг алж устгав.  Мөн Паршандата, Далфон, Аспата,  Пората, Адалиа, Аридата,  Пармашта, Арисаи, Аридаи, Ваизата нарыг хөнөөжээ. 10  Тэд бол иудейчүүдийн дайсан Хаммедатагийн хүү Хаманы 10 хөвгүүн юм. Иудейчүүд тэднийг алсан боловч юу ч олзолж авсангүй. 11  Тэр өдөр Суса дахь шилтгээнд алагдсан хүмүүсийн тоог хаанд мэдэгджээ. 12  Хаан Естерт «Иудейчүүд Суса дахь шилтгээнд 500 хүнийг, мөн Хаманы 10 хүүг алсан байна. Тэгэхээр тэд хааны бусад мужид яасан байж таарах вэ? Одоо чи юу гуймаар байна? Түүнийг чинь өгье. Өөр юу хүсэх вэ? Хүсэлтийг чинь биелүүлье» гэв. 13  Естер хариуд нь «Хэрэв хаан таалбал Сусад байгаа иудейчүүд өнөөдрийн хэрэгжүүлж байгаа хуулийг маргааш бас хэрэгжүүлэг. Мөн Хаманы 10 хүүг шонд өлгөхийг зөвшөөрнө үү» гэлээ. 14  Хаан үүнийг гүйцэлдүүлэхийг зарлиг болгожээ. Уг зарлигийг Сусад хууль болгон баталж Хаманы 10 хүүг шонд өлгөсөн юм. 15  Суса дахь иудейчүүд Адар сарын 14-нд дахин цугларч 300 хүнийг алав. Гэвч тэд юу ч олзолж авсангүй. 16  Мөн хааны мэдлийн мужуудад амьдардаг иудейчүүд цугларч амиа хамгаалав. Тэд дайснаа дарж өөрсдийг нь үзэн яддаг 75 000 хүнийг алсан боловч юу ч олзолж авсангүй. 17  Энэ явдал Адар сарын 13-нд болжээ. Тэд 14-нд амарч, уг өдрийг найр наадам, баяр баяслын өдөр болгов. 18  Суса дахь иудейчүүд 13, 14-нд цугларч, 15-нд амраад уг өдрийг найр наадам, баяр баяслын өдөр болгов. 19  Бусад хотод амьдардаг иудейчүүд Адар сарын 14-нийг найр наадам, баяр баяслын өдөр, ёслон тэмдэглэдэг өдөр, бие биедээ идээ ундаа илгээдэг өдөр болгожээ. 20  Мордехаи эдгээр үйл явдлыг бичиж тэмдэглэсэн ба Ахашверош хааны мэдэлд байдаг хол ойрын бүх мужийн иудейчүүдэд албан захидал илгээв. 21  Тэрбээр тэдэнд жил бүрийн Адар сарын 14, 15-ныг тэмдэглэхийг үүрэг болгожээ. 22  Учир нь энэ өдрүүдэд иудейчүүд дайснаасаа ангижирсан бөгөөд тэр сард уй гашуу нь баяр баяслаар, гашуудлын өдөр нь баярын өдрөөр солигдсон билээ. Тэд энэ хоёр өдрийг найр наадам, баяр баяслын өдөр, бие биедээ идээ ундаа илгээн ядууст бэлэг сэлт өгдөг өдөр болгон тэмдэглэх болжээ. 23  Ингээд иудейчүүд тэмдэглэж эхэлсэн энэ баяраа жил болгон хийхээр болж, Мордехаин бичсэнийг зөвшөөрсөн юм. 24  Иудейчүүдийн дайсан агаг хүн Хаммедатагийн хүү Хаман иудейчүүдийг устгахаар төлөвлөн Пур хэмээх шавга хаяж, тэднийг хүйс тэмтрэх өдрийг товлосон байлаа. 25  Гэвч Естерийг хаанд бараалхахад хаан бичгээр зарлиг гаргасан юм. Уг зарлигт «Иудейчүүдийн эсрэг төлөвлөсөн Хаманы хорон төлөвлөгөө өөрийнх нь толгой дээр бууг» гэжээ. Ингээд түүнийг болон хөвгүүдийг нь шонд өлгөжээ. 26  Эдгээр өдрийг Пурын* нэрээр Пурим гэж нэрлэсэн нь ийм учиртай. Тиймээс энэ захидалд бичигдсэн бүхний дагуу, мөн үзсэн харсан, өөрсдөдөө тохиолдсон бүхний улмаас 27  иудейчүүд энэ хоёр өдрийг заавал тэмдэглэж, захидалд бичсэн бүхнийг жил бүрийн товлосон хугацаанд биелүүлэхийг өөрсдөдөө, бас үр удмынхаа болон өөрсөдтэй нь нэгдсэн хүмүүсийн өмнөөс үүрэг болгон авчээ. 28  Эдгээр өдрийг айл бүр, муж, хот бүр үеийн үед дурсан тэмдэглэх ёстой. Иудейчүүд Пуримын энэ өдрүүдийг тэмдэглэхээ хэзээ ч больж болохгүй бөгөөд үрийн үрд мартах учиргүй. 29  Дараа нь Абихаилын охин Естер хатан, иудей хүн Мордехаи нар бүрэн эрхийнхээ дагуу Пуримын тухай хоёр дахь захидлыг бичив. 30  Мордехаи Ахашверошийн мэдлийн 127 мужид амьдардаг бүх иудейчүүдэд амар тайвны болон үнэний үгтэй албан захидал илгээжээ. 31  Иудей хүн Мордехаи, Естер хатан хоёрын зааварласны дагуу, мөн иудейчүүд өөрсдөдөө болон үр удмынхаа өмнөөс үүрэг болгон авсны дагуу Пуримын өдрүүдийг товлосон цагт нь заавал тэмдэглэж, мацаг барин, залбирах талаар уг захидалд бататган бичсэн байлаа. 32  Пуримтай холбоотой бүхнийг Естерийн тушаалаар баталж номд тэмдэглэжээ.

Зүүлт

Хавсралт Б15-ыг үзнэ үү.
«Пур» гэдэг нь шавга гэсэн утгатай үг. Ариун хуанлийн 12-р сард тэмдэглэдэг баярыг энэ үгийн олон тооны хэлбэр болох «Пурим» гэдэг үгээр нэрлэжээ.