Филиппойчуудад бичсэн захидал 1:1–30

  • Мэндчилгээ (1, 2)

  • Паул Бурханд талархдаг, залбирдаг (3-11)

  • Саад учирсан ч сайн мэдээ түгсэн (12-20)

  • Амьд явах нь Христийн төлөө, үхлээ ч шагнал авна (21-26)

  • Сайн мэдээнд тохируулан биеэ авч явах (27-30)

1  Христ Есүсийн боол Паул Тимот хоёр, Филиппойд суудаг, Христ Есүсийн дагалдагч бүх ариун хүн болон ахлагч, туслах үйлчлэгч та бүхэнд бичиж байна.  Бидний Бурхан Эцэг болон Эзэн Христ Есүс та нарыг энэрэн нигүүлсэж, амар тайвныг соёрхох болтугай.  Би та нарыгаа дурсан санаж, шаргуу залбирах бүрдээ Бурхандаа үргэлж талархдаг.  Бас та бүгдийн төлөө баяр хөөртэй, шаргуу залбирдаг.  Учир нь та нар сайн мэдээг анх сонссон өдрөөсөө хойш өнөөг хүртэл тэр мэдээг түгээн дэлгэрүүлэхэд хувь нэмэр оруулж байгаа.  Бурхан та нарын дунд эхлүүлсэн сайн ажлаа Христ Есүсийн өдөр дуусгана гэдэгт би итгэлтэй байна.  Та нарын талаар ийнхүү бодох нь зөв юм. Яагаад гэвэл би та нарыг хайрладаг. Та нар намайг хорионд байхад ч, сайн мэдээг хамгаалахад ч, тунхаглах эрхээ хууль ёсных гэж батлахад ч дэмжиж байсан билээ. Тиймээс Бурхан та нарыг ч, намайг ч нигүүлссэн.  Христ Есүс та нарыг хайрладаг шиг би бас тийн хайрлаж, үгүйлэн санадгийг Бурхан мэднэ.  Та нарыг үнэн зөв мэдлэгтэй, бүрэн дүүрэн ойлголттой, улам их хайрладаг болоосой, 10  илүү чухал юмыг магадалдаг байгаасай гэж би та нарын төлөө тасралтгүй залбирдаг. Тэгвэл та нар Христийн өдөр болтол цэвэр ариун явж, хэнд ч саад болохгүй бөгөөд 11  Есүс Христийн тус дэмээр зөв юмыг илүү их хийнэ*. Үүний дүнд Бурхан магтуулж алдаршина. 12  Ах дүү нар аа, миний одоогийн байдал сайн мэдээг түгээн дэлгэрүүлэхэд үнэндээ сайхан боломж болсныг та нарт бичиж байна. 13  Христийн төлөө хоригдож байгаа минь торгон цэргүүд болон бусад хүнд илэрхий болсон юм. 14  Би хоригдол болсноор итгэл нэгтнүүд маань зоригжиж, Бурхны үгийг тунхаглахаас айхгүй, бүр ч их зүрх зоригтой байна. 15  Зарим хүн атаархсандаа бас өрсөлдсөндөө Христийг тунхагладаг байхад бусад нь чин сэтгэлээсээ тунхагладаг. 16  Христийг чин сэтгэлээсээ тунхагладаг нь хайрандаа хөтлөгддөг. Учир нь тэд намайг сайн мэдээг хамгаалахаар томилогдсоныг мэддэг. 17  Харин нөгөөдүүл нь чин сэтгэлээсээ биш, өрсөлдсөндөө тунхагладаг. Хоригдол надад гай болохыг санаархдаг. 18  Тэглээ ч, хар санаагаар ч бай, үнэнээсээ ч бай, гол нь Христийг л тунхагладаг болохоор би баярладаг, баярлах ч болно. 19  Миний төлөөх та нарын шаргуу залбирал болон Есүс Христийн өгдөг агуу хүчний ачаар би аврагдахаа мэднэ. 20  Юу ч болсон шившиг болохгүй гэдэгтээ итгэлтэй байдаг, тэгж ч найддаг. Би Христийг эр зоригтой тунхаглан, одоо ч урьдынх шигээ алдаршуулж байна. Үхсэн ч, сэхсэн ч энэ биеэрээ түүнийг алдаршуулна. 21  Миний хувьд, амьд явах нь Христийн төлөө юм. Үхлээ ч шагнал авна. 22  Махан биетэй хэвээрээ амьд явбал илүү ихийг хийнэ. Харин сонгох болбол алийг нь гэдгээ хэлэхгүй. 23  Сэтгэл минь хоёрдоод байна. Би чөлөөлөгдөж, Христтэй хамт байхыг хүсдэг. Христтэй хамт байх нь илүү сайн гэдэг нь эргэлзээгүй. 24  Гэхдээ та нарын төлөө махан биетэй байх шаардлагатай. 25  Үүнийгээ ч сайн ойлгож байна. Ахиж дэвшихэд тань болон бат итгэлийнхээ ачаар баяр хөөртэй байхад тань туслахын тулд би амьд явж, та нартай хамт байхаа мэднэ. 26  Намайг дахиж очиход та нар Христ Есүсийн дагалдагчийн хувьд баяр хөөртэй байна. 27  Та нараас хүсэхэд Христийн тухай сайн мэдээнд тохируулан биеэ авч яваарай*. Тэгвэл би очоод харсан ч, очихгүй байсан ч нэг хүн мэт байж, санаа нэгтэй, тууштай явж, сайн мэдээнд бат итгэсэн хэвээр байхын төлөө мөр зэрэгцэн тэмцэж, 28  эсэргүүцэгчдээс огт айж хулчийхгүй байгааг тань сонсоно. Энэ бүхэн бол тэд сүйрэхийн, харин бид аврагдахын баталгаа бөгөөд үүнийг Бурхан баталдаг. 29  Учир нь Христэд итгэх төдийгүй бас түүний төлөө зовох завшаан та нарт олдсон билээ. 30  Яаж зовсныг минь та нар харсан. Яаж зовж байгааг минь сонсож байгаа. Та нар ч тэгж зовж яваа.

Зүүлт

Үгч. «зөв үр жимсээр дүүрнэ»
Эсвэл «сайн мэдээнд тохируулан иргэн шиг байгаарай»