Skip to content

Гарчиг руу орох

ХИЧЭЭЛ 9

Яавал гэр бүлээрээ жаргалтай амьдрах вэ?

Яавал гэр бүлээрээ жаргалтай амьдрах вэ?

1. Гэрлэлтээ батлуулах нь гэр бүлээрээ жаргалтай амьдрахад хэр чухал бэ?

«Жаргалтай Бурхан» Ехова бол гэр бүлийг Санаачлагч юм (1 Тимот 1:11, ШЕ). Тэрбээр гэр бүлийг жаргалтай байгаасай гэж хүсдэг. Гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлэх нь гэр бүлээрээ аз жаргалтай амьдрахад чухал бөгөөд үр хүүхдээ элэг бүтэн өсгөж хүмүүжүүлэх боломж олгодог.

Бурхан гэр бүлийг юу гэж үздэг вэ? Гэр бүлийг насан туршийн холбоо гэж үздэг. Бурханд таалагдахыг хүсдэг хүн улсынхаа хуулийг мөрдөж, гэрлэлтээ батлуулах ёстой (Лук 2:1, 4, 5). Ехова гэр бүлтэй хүмүүсийг ханьдаа үнэнч байгаасай гэж хүсдэг (Еврей 13:4). Бурхан салалтыг үзэн яддаг (Малахи 2:16). Харин хань нь завхайрсан бол гэрлэлтээ цуцлуулах, дахин гэрлэхийг Ехова христиан хүнд зөвшөөрдөг. Матай 19:3–6, 9-ийг уншина уу.

2. Эхнэр нөхөр хоёр бие биетэйгээ хэрхэн харьцах вэ?

Ехова эрэгтэй эмэгтэй хүнийг бие биеэ нөхөн дүүргэж байхаар бүтээжээ (Эхлэл 2:18). Нөхөр хүн өрхийн тэргүүн учир гэр бүлээ тэжээж, тэдэнд Бурхны тухай заах үүрэгтэй. Өөрийнхөө эрх ашгийг хойш тавин эхнэрээ хайрлах учиртай. Эхнэр нөхөр хоёрын аль аль нь бие биеэ хайрлаж, хүндэтгэх ёстой. Бүх хүн төгс бус учир бие биеэ уучилж сурах нь гэр бүл аз жаргалтай байх нэг нууц юм. Ефес 4:31, 32; 5:22–25, 33; 1 Петр 3:7-г уншина уу.

3. Ханьтайгаа таарч тохирохгүй бол салах нь зөв үү?

Гэр бүлийн хоёр таарамж муутай бол бие биеэ хайрлаж сурахын тулд хоёулаа хүчин чармайлт гаргах хэрэгтэй (1 Коринт 13:4, 5). Гэр бүлд гардаг нийтлэг бэрхшээлийг тусдаа амьдран шийдэхийг Бурхан сайшаадаггүй. 1 Коринт 7:10–13-ыг уншина уу.

4. Хүүхдүүд ээ, Бурхан та нарт юу хүсдэг вэ?

Ехова та нарыг жаргалтай байгаасай гэж хүсдэг. Залуу насандаа яаж үр бүтээлтэй амьдрах талаар хамгийн сайн зөвлөгөө өгдөг. Хүүхдүүдийг эцэг эхийнхээ мэдлэг, туршлагаас суралцаасай гэж хүсдэг (Колоссай 3:20). Бас та нарыг өөрийнх нь болон Хүүгийнх нь төлөө хийдэг бүхнээсээ баяр баясгалан эдлээсэй гэж хүсдэг. Номлогчийн үгс 11:9—12:1; Матай 19:13–15; 21:15, 16-г уншина уу.

5. Эцэг эхчүүд ээ, яавал үр хүүхдээ жаргалтай байлгах вэ?

Эцэг эхчүүд үр хүүхдээ хоол унд, хувцас хунар, гэр оронтой байлгахын тулд ажиллаж хөдөлмөрлөх үүрэгтэй (1 Тимот 5:8). Бас Бурхныг хайрлаж, Бурханд дуулгавартай байхыг зааж сургавал үр хүүхэд тань жаргалтай амьдарна (Ефес 6:4). Эцэг эх Бурхныг хайрладгаа үлгэр жишээгээрээ харуулдаг бол хүүхэд ихийг ухаардаг. Хүүхдийг Бурхны Үгэнд үндэслэн хүмүүжүүлэх нь илүү үр дүнтэй байдаг. Дэд хууль 6:4–7; Сургаалт үгс 22:6-г уншина уу.

Хүүхдэд урмын үг хэлж, магтан сайшаах нь чухал. Түүнээс гадна, хүүхдийг засаж залруулж, сахилгажуулах хэрэгтэй. Ингэвэл хүүхдээ буруу замаар орохоос сэргийлнэ (Сургаалт үгс 22:15). Гэхдээ сахилгажуулж байна гээд хатуу ширүүн хандах учиргүй. Колоссай 3:21-ийг уншина уу.

Еховагийн Гэрчүүд эцэг эхчүүд, хүүхдүүдэд туслах зорилгоор Библид үндэслэсэн ном хэвлэл гаргадаг. Дуулал 19:7, 11-ийг уншина уу.