Skip to content

Гарчиг руу орох

АЗ ЖАРГАЛД ХҮРГЭХ ЗАМ

Эрүүл мэнд, сэтгэлийн хат

Эрүүл мэнд, сэтгэлийн хат

ХҮНД ӨВЧИН, ХӨДӨЛМӨРИЙН ЧАДВАРАА АЛДАХАД ХҮНИЙ АМЬДРАЛ ОРВОНГООРОО ЭРГЭДЭГ. Эрүүл саруул, эрч хүчтэй явсан Үүлф нэг л өдөр саажжээ. Тэрээр: «Сэтгэлээр их унасан. Эрч хүч эр зориг минь мохож, амьдрал утгагүй санагдсан» гэж хэлсэн юм.

Эрүүл саруул байх гэж мянга хүссэн ч санаснаар болдоггүйг Үүлфт тохиолдсон явдал харуулдаг. Бид өвчин тусчихгүйн тулд чадах ядахаараа арга хэмжээ авдаг. Тэгсэн ч бие муудвал яах вэ? Бүх юм дууслаа гэсэн үг үү? Тийм биш гэдгийг одоо үзнэ. Юуны өмнө, эрүүл байхад тустай зарим зөвлөгөөг авч үзье.

ЗӨВ ХЭВШИЛТЭЙ БАЙ. (1 Тимот 3:2, 11). Хэтрүүлж идэж, уух нь эрүүл мэндэд хортой, бас мөнгө их үрдэг. «Дарсыг хэт их уудаг, эсвэл махыг хэт их иддэг хүмүүсээс зай барь. Учир нь дарсыг хэтрүүлж уугсад ба цадахаа эс мэдэгсэд нь үгүйрэн хоосрох бөгөөд нойрмог байдал тэднийг ноорхой хувцастай хоцрооно» (Сургаалт үгс 23:20, 21).

ХОРТ ЗУРШИЛГҮЙ БАЙ. «Бие, сэтгэлийг маань бузарлах аливаа бүхнээс өөрсдийгөө цэвэрлэе» (2 Коринт 7:1). Хүмүүс тамхи татах, архи, мансууруулах бодист донтох зэргээр биеэ хордуулдаг. «Тамхи татах нь биеийг өвчлүүлдэг. Тамхи татдаг хүний бараг бүх эрхтэн хорддог» гэж АНУ-ын, халдварт өвчинтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх төвөөс мэдэгджээ.

АМЬ НАС, ЭРҮҮЛ МЭНДЭЭ ЭРХЭМД ҮЗ. «Бид Бурхны ачаар амьтай болж, ажиллаж амьдардаг» (Үйлс 17:28). Үүнийг ухаарсан хүн ажил хийхдээ, машин барьж явахдаа эсвэл чөлөөт цагаа өнгөрүүлэхдээ эрсдэлтэй юм хийдэггүй. Хоромхон зуурын сэтгэл хөдлөлд автвал эрэмдэг зэрэмдэг болж насан туршдаа зовно!

СЭТГЭЛ ХӨДЛӨЛӨӨ ХЯНА. Бие сэтгэл хоёр хоорондоо нягт холбоотой. Тиймээс хий дэмий санаа зовох, ухаан жолоогүй уурлах, атаархан хорсох зэргээс зайлсхийвэл эрүүл байж чадна. Дуулал 37:8-д «Уурлахаа больж, хилэнгээ март» гэж байдаг. Мөн «Маргаашийн төлөө хэзээ ч бүү санаа зов. Учир нь маргаашийн зовлонг маргааш үзнэ» гэж бас байдаг (Матай 6:34).

ӨӨДРӨГ БАЙХЫГ ХИЧЭЭ. Сургаалт үгс 14:30-д «Амар тайван зүрх бие махбодод амийг өгдөг» гэж байдаг. Библид бас «Баяр хөөртэй зүрх бол сайн эм» гэж байдаг (Сургаалт үгс 17:22). Энэ нь шинжлэх ухаанаар батлагджээ. Шотландын нэг эмч: «Хэрэв та жаргалтай хүн бол, өөрийгөө жаргалгүйд тооцдог хүнийг бодвол, танд өвчин тусах магадлал харьцангуй бага байна» гэж хэлжээ.

СЭТГЭЛИЙН ХАТТАЙ БАЙ. Дээр дурдсан Үүлфийнх шиг байдалд орсон бол тэсэж тэвчихээс өөр аргагүй. Гэхдээ яаж тэвчихээс их зүйл шалтгаална. Зарим хүн сэтгэлээр их унаж, байдлыг улам хүнд болгодог. Сургаалт үгс 24:10-т «Хэрэв чи бэрх цагт сул дорой [«урам хугарсан», ШЕ] байваас хүч тэнхээ чинь сул аж» гэж байдаг.

Гэтэл зарим хүн гутрахаа больж, бууж өгөхгүй байхаар шийддэг. Тэд үзэл бодлоо өөрчилж, зовлонг даван туулах аргаа олдог байна. Үүлф бас аргаа олжээ. Тэрээр Библид байдаг найдвар төрүүлсэн мэдээг эргэцүүлэн бодож, олон удаа залбираад «тулгарч байгаа бэрхшээлээ биш, өөрт байгаа боломжийг» олж харах болжээ. Түүнчлэн хүнд бэрхийг үзсэн олон хүний адилаар, бусдын зовлонг ойлгодог болж, сэтгэл тайвшруулсан Библийн мэдээг хүмүүстэй хуваалцдаг болсон байна.

Стийв гэдэг хүн бас их зовлон үзжээ. 15-тайдаа юмнаас унаж бэртээд хүзүүнээсээ доош мэдээгүй болжээ. 18-тай байхад нь хоёр гарт нь мэдээ орсон байна. Тэгээд их сургуульд орж, нэг л мэдэхэд архи уудаг, мансууруулах бодис хэрэглэдэг, садар самуун явдалтай болсон байна. Амьдрал нь утга учиргүй байв. Тэгээд Библи судалж эхэлжээ. Амьдралыг өөрөөр хардаг болж, муу зуршлаасаа ч салж чаджээ. Стийв: «Олон жилийн уйтгар гуниг минь тайлагдсан юм. Одоо би сэтгэл хангалуун, амар тайван, жаргалтай амьдарч байна» гэж хэлсэн юм.

Стийв, Үүлф хоёрын хэлсэн үгийг бодохлоор Дуулал 19:7, 8-д байдаг «ЭЗЭНий хууль нь төгс төгөлдөр, сэтгэлийг сэргээдэг. .... ЭЗЭНий сургаал нь зөв, зүрхийг баярлуулдаг. ЭЗЭНий тушаал нь тодорхой, нүдийг нээж өгдөг» хэмээсэн үг санаанд буудаг.