Skip to content

Гарчиг руу орох

3 Бэрхшээлийг тэвчихэд тусалдаг

3 Бэрхшээлийг тэвчихэд тусалдаг

Зугтах ч аргагүй, шийдвэрлэж ч чадахгүй бэрхшээл зовлон гэж байдаг. Жишээ нь, дотны хүнээ үхэлд алдах юм уу, хууч өвчтэй болох юм. Зовлонг арилгаж чадахгүй ч нимгэлэх арга бий. Ийм үед Библи бидэнд хэрхэн туслах вэ?

ХУУЧ ӨВЧИН

Рооз: «Би генийн өвчтэй. Бие минь байн байн хүчтэй өвддөг. Ингэж амьдрах утгагүй санагддаг» гэжээ. Анхаарлаа сайн төвлөрүүлж Библи судалж чаддаггүйдээ Рооз их гутардаг ажээ. Гэхдээ Матай 19:26-д байдаг «Бурханд бүх юм боломжтой» гэсэн Есүсийн үг урмыг нь сэргээсэн байна. Библи судлах олон арга байдгийг Рооз олж мэджээ. Өвчнөөсөө болоод заримдаа юм уншиж ч чадахгүй болдог учраас Библи болон Библийн ном хэвлэлийг * аудио бичлэгээр сонсдог болжээ. «Сонсдог ном хэвлэл байгаагүй бол би Бурхантайгаа яаж дотно байх байснаа хэлж мэдэхгүй байна» гэж ярьсан юм.

Рооз хийж чаддаг байсан зүйлийнхээ тухай бодоод уйтгарлахлаараа 2 Коринт 8:12-ын «Хэрэв бэлэн байдалтай байвал, байхгүй зүйлийн дагуу бус, байгаа зүйлийн дагуу энэ нь тааламжтай» гэсэн үгийг уншаад тайвширдаг ажээ. Чадах бүхнээ хийж байгаад нь Бурхан баярладгийг энэ үг түүнд сануулдаг байна.

ҮХЭЛ ХАГАЦАЛ

София: «18-тай охин минь нас барахад надад амьд яваад ч яах юм билээ гэж бодогдсон» хэмээн дурссан юм. Дуулал 94:19байдаг «Миний дотор санаа зовсон бодлууд олшироход Таны тайтгарлууд миний сэтгэлийг баясгадаг» гэсэн үгийг санан тайвширчээ. «Гуниг зовлонгоо мартахад тустай зүйл олж хиймээр байгаагаа хэлж Еховад залбирсан» гэж тэрээр хэлжээ.

София өөрийгөө бүрэн дайчлан сайн дурын ажилд оролцдог ажээ. Хугарсан ч гэсэн будаж болоод байдаг өнгийн харандаатай өөрийгөө зүйрлэдэг гэнэ. Хугархай харандаа шиг болсон ч гэсэн бусдад сайныг үйлдэж болохоо ойлгожээ. Тэрээр цааш нь «Би Библи заадаг. Суралцагчдаа Библиэс уншиж өгөн тайвшруулахлаар би өөрөө тайвширдаг. Ехова намайг тайвшруулж байгааг тэгэхэд анзаарсан юм» гэж ярьсан юм. Тэгээд дотны хүнийхээ хойноос ихэд гашуудаж байсан Библийн баатруудыг жагсаан бичсэн аж. Тэд бүгд Бурханд байнга залбирдаг байсныг София олж мэджээ. Библиэ нээж уншихгүй л бол залбирлынхаа хариуг олж чадахгүйг бас ойлгосон байна.

София Библи уншиж судлаад өнгөрснийг биш, ирээдүйг харж амьдрах болжээ. Үйлс 24:15байдаг «Түүнчлэн, шударга, шударга бус хүний хэн хэн нь амилна гэж би Бурханд найддаг» гэсэн найдвар төрүүлэм үг түүнийг тайвшруулдаг. Охиныг нь Ехова амилуулна гэдэгт тэрээр хэр бат итгэдэг бол? София: «Би охинтойгоо эргээд уулзана. Бидний уулзах өдөр Эцгийн минь хуанлид тэмдэглэгдсэн байгаа. Охинтойгоо хамт цэцэрлэгээр зугаалж байгаагаар би тод томруун төсөөлдөг» гэж хэлсэн юм.

^ д/м 4 Сонсдог ном хэвлэл jw.org вэб саитад олон бий.

Амьдралын хамгийн хэцүү үед ч Библи таны сэтгэлийг эдгээж чадна