Skip to content

ОНЦЛОХ СЭДЭВ

Гамшиг тохиолдоход амь насаа аваръя гэвэл

Гамшиг тохиолдоход амь насаа аваръя гэвэл

«Чих дөжрөм дуу гарч хүчтэй дэлбэрэлт болов. Доргилтоос нь болоод би газар унасан. Агааржуулагчийн хоолойгоор утаа савсан ажлын өрөө минь юу юугүй галд автав»Жошуа

Газар хөдлөлт, хар шуурга, террорист халдлага, сургууль дээрх зэвсэгт халдлага гэх мэт аймшигт үйл явдлын талаарх мэдээ байнга гардаг болжээ. Гамшгийн тухай унших, түүнийг биеэрээ амсах нь газар тэнгэр мэт ялгаатай. Гамшгийг эсэн мэнд давахын тулд гамшгийн өмнө, үеэр, дараа нь ямар ямар арга хэмжээ авах вэ?

ГАМШГИЙН ӨМНӨ​—БЭЛТГЭЛЭЭ БАЗААХ

Гамшиг хэнийг ч ялгадаггүй. Эсэн мэнд үлдэхийн тулд бэлтгэлтэй байх нь хамгийн чухал. Бэлтгэлээ хэрхэн базаах вэ?

  • Сэтгэл санааны бэлтгэлтэй байгаарай. Ямар нэгэн гамшиг болоход танд болон таны ойр дотнын хүмүүст аюул учирч болзошгүй. Тиймээс гамшгийн дараа бэлтгэлээ базаах нь ниргэсэн хойно нь хашхирахтай адил юм.

  • Ямар ямар гамшиг болж болзошгүйг судлаарай. Газар бүр янз бүрийн гамшиг тохиолддог. Хоргодох газар хаана хаана байдгийг тэмдэглэж аваарай. Гэр орон, орчин тойрныхоо аюулгүй байдлыг шалгаж үзээрэй. Гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлж, утаа мэдрэгч суурилуулан зайг нь ойр ойрхон, дор хаяж жилд нэг удаа сольж байгаарай.

  • Зайлшгүй хэрэг болох зүйлс бэлдээрэй. Гамшгийн үед тог цахилгаан, ус тасарч, харилцаа холбоо болон нийтийн тээврийн үйлчилгээ доголдож мэднэ. Машин унаатай бол шатахуунаа нөөцлөөрэй. Гэртээ хоол хүнс, ус, анхны тусламжийн хайрцгийг бэлэн байлгаарай. Нэмэлт мэдээллийг  «Хэрэгтэй зүйлсээ бэлдсэн үү?» гэсэн хавсралтаас үзнэ үү.

    Бэлтгэлээ базаах нь эсэн мэнд үлдэхэд хамгийн чухал

  • Холбоо барих утасны дугааруудыг тэмдэглэж аваарай. Ойр дотнынхон болон найз нөхөдтэйгөө холбоо барихад бэлэн байх нь чухал.

  • Гамшгаас хамгаалах дадлага сургуулилт хийгээрэй. Амьдардаг байрныхаа хамгийн ойрхон аваарын гарц болон хүүхдүүдийнхээ сургуулийн гамшгаас хамгаалах төлөвлөгөөний талаар мэдэж аваарай. Гамшиг болоход гэрийнхэнтэйгээ уулзаж болох газар тогтоогоорой. Сургууль, номын сан гэх мэт гэртээ ойрхон болон зайтай хоёр өөр газар сонгож болох юм. Уулзахаар тогтсон газар луугаа хэрхэн очихоо урьдчилан сургуулилт хийж үзэхийг холбогдох байгууллагууд зөвлөдөг.

  • Бусдад туслахад бэлэн байгаарай. Ялангуяа өндөр настай юм уу бие муутай хүмүүст туслаарай.

ГАМШГИЙН ҮЕД​—ЦАГ АЛДАХГҮЙ БАЙХ

«Гал гарах тэр үеэр ихэнх хүн сандраагүй. Зарим нь компьютероо унтраагаад, зарим нь усны саваа дүүргээд зогсчихсон. Нэг нь бүр жаахан хүлээцгээе гэж хэлж байсан» хэмээн Жошуа ярьсан. Бусдыг ийнхүү хойш сууж байхад Жошуа: «Эндээс яг одоо гарах хэрэгтэй» гэж хашхирчээ. Ингээд ажлынхан нь түүнийг даган шатаар буусан байна. «Битгий зогсоорой. Хэн нэгэн бүдэрч унавал түшээд босгоорой. Эндээс бүгдээрээ заавал амьд гарна аа!» гэж Жошуа дахин дахин сануулж байлаа.

  • Гал гарвал: Доош бөхийн хамгийн ойр гарц руу хурдан очихыг хичээгээрэй. Утаанд ойр орчноо харахад хэцүү болдог ба гал түймэрт өртөж амь насаа алдсан хүмүүсийн ихэнх нь угаартсан байдаг. Үхэх сэхэх маань хоромхон зуур шийдэгдэх учир эд зүйлээ авах гэж цаг алдах хэрэггүй. Шууд гараарай.

  • Газар хөдөлбөл: Аль болох хана руу ойртох эсвэл бат бөх ширээн доор хоргодоорой. Газар хөдлөлтийн дараа чичиргээ болж болзошгүй тул байшин барилгаас аль болох түргэн гарч холдох шаардлагатай. Аврагчид иртэл тодорхой хугацаа орох учир боломжтой бол бусдад туслаарай.

  • Цунами болбол: Ус эргээс татрах зуур өндөрлөг газар луу хурдан зугтаарай. Илүү том давлагаа ирж болзошгүйг тооцоолоорой.

  • Хар салхи гарвал: Цаг алдалгүй хоргодох байранд ороорой.

  • Үер болбол: Усанд автсан барилга байгууламжаас хурдан гарах хэрэгтэй. Ус тогтсон газраар явган юм уу машинтай явахаас зайлсхийгээрэй. Үерийн ус маш бохир бөгөөд усан дотор аюул учруулах хог хаягдал, нүх, цахилгааны утас зэрэг зүйлс байж болзошгүй.

  • Анхааруулга: 60 сантиметрийн гүнтэй урсгал ус нь машин хөвүүлэх чадалтай. Үерт өртөж амь насаа алдсан хүмүүсийн ихэнх нь үерийн усыг машинаараа гатлах гэж оролдсоноос болдог байна.

  • Засаг захиргаа нүүлгэн шилжүүлэх шийдвэр гаргавал: Тухайн шийдвэрийг тэр даруй дуулгавартай дагаарай. Ойр дотнынхондоо хаана байгаагаа мэдэгдээрэй. Тэд таныг хайж амь насаа эрсдэлд оруулж мэднэ.

    Засаг захиргаанаас нүүлгэн шилжүүлэх шийдвэр гаргавал тэр даруй дагаарай

  • Анхааруулга: Утсаар дуудлага хийснээс мессеж явуулсан нь илүү найдвартай байж болох юм.

  • Холбогдох байгууллага гэрээсээ эсвэл хоргодох байрнаас гарахгүй байхыг шаардвал: Тухайн шаардлагыг дагаж мөрдөх хэрэгтэй. Цөмийн, биологийн болон химийн бодис алдагдах юм уу, халдлага гарвал агааржуулагчаа хааж, хаалга цонхоо битүүмжлэн гадагш гарахгүй байгаарай. Цөмийн цацраг идэвхт бодист өртөхгүйн тулд барилгын хамгийн доод давхарт хоргодох хэрэгтэй. Орон нутгийнхаа радио, телевизийн мэдээг сонсоорой. Аюул өнгөрснийг мэдэгдэх хүртэл гадагшаа гарч болохгүй.

ГАМШГИЙН ДАРАА​—АЮУЛГҮЙ БАЙДЛАА ХАНГАХ

Өвчин, аюул ослоос сэргийлэхэд дараах зөвлөгөө тустай.

  • Найз нөхөд, хамаатан садантайгаа хамт байх нь хоргодох байранд байхаас хавьгүй дээр.

  • Амьдарч буй орчноо цэвэр байлгаарай.

  • Хог хаягдал цэвэрлэх үедээ аюулгүй байдлаа хангаарай. Боломжтой бол бээлий, хамгаалалтын малгай, ажлын гутал өмсөж, маск зүүгээрэй. Ил, далд цахилгааны утаснаас болгоомжлох хэрэгтэй.

  • Тогтсон хэвшлээ алдахгүй байхыг хичээгээрэй. Хүүхдүүддээ өөдрөг, тайван байгаагаа харуулах нь чухал юм. Гэрийнхэнтэйгээ хамт цагийг өнгөрүүлж, хүүхдүүдийнхээ даалгаврыг хийхэд нь тусалж, тоглож, Бурханд итгэх итгэлээ хамтдаа батжуулаарай. Гамшгийн тухай мэдээнд хэт анхаарч, түгшиж бухимдсанаасаа болж гэрийнхнийгээ зовоохоос зайлсхийх хэрэгтэй. Бусдын тусламжийг хүлээн авч мөн бусдад тусалж байгаарай.

    Гамшгийн дараа, тогтсон хэвшлээ алдахгүй байхыг хичээгээрэй

  • Ямар ч гамшиг хохирол дагуулдаг. Засгийн газар болон тусламжийн байгууллагууд зайлшгүй хэрэгцээтэй зүйлээр хангадаг боловч алдсан эд хөрөнгийг нөхөж өгөхгүй. Гамшгийн үед зайлшгүй хэрэгтэй зүйлс гэдэг нь цэвэр ус, хоол хүнс, хувцас хунар мөн хоргодох байр юм (1 Тимот 6:7, 8).

  • Сэтгэл санааны байдлаа анхаарч байгаарай. Ер нь цочролд орсны дараа сэтгэл санаа үймэрч тогтворгүй болдог. Шинж тэмдгүүд нь сэтгэл гутрал, түгшүүр, сэтгэл санааны тогтворгүй байдал зэргээр илрэх бөгөөд сэтгэн бодох, ажил хийх, унтахад ч хэцүү болдог. Найз нөхдөдөө сэтгэлээ уудалж байгаарай.

Өгүүллийн эхэнд гарсан Жошуа ажлын байран дээр нь гарсан түймрээс амьд үлдсэн юм. Харамсалтай нь олон танил нь амиа алджээ. Тэрбээр хурлын ахлагч болон мэргэжлийн сэтгэл зүйчээс тусламж авсан байна. Жошуа: «Уй гашууд автаж байгаа маань эдгэрч байгаагийн нэг шинж, яваандаа зүгээр болно гэж тэд намайг тайвшруулсан. Зургаан сарын дараа хар дарж зүүдлэх маань багассан ч зарим шинж тэмдгүүд түүнээс ч удаан үргэлжилсэн» хэмээн ярьжээ.

Гамшигт гэм зэмгүй олон хүн өртөж хохирдог нь хүмүүст шударга бус санагдаж, бүр зарим нь Бурхныг буруутай гэж эндүүрдэг. Жошуа шиг амьд үлдсэндээ гэмшдэг олон хүн бий. Тэрбээр: «Яаж ийгээд илүү олон хүний амийг аварч болох л байсандаа гэж одоо хүртэл бодогддог» хэмээн өгүүлсэн юм. Цааш нь «удахгүй дэлхий даяар шударга ёсыг тогтоож бүх муу муухайг арилгана гэсэн Бурхны амлалт намайг тайвшруулдаг даа. Тэр болтол би өдөр бүрийг эрхэмлэн чадах бүхнээ хийж амьдарна» хэмээн ярьжээ (Илчлэл 21:4, 5). a

a Ирээдүйн талаарх Бурхны амлалт болон Бурхан зовлон зүдүүрийг яагаад хүлцэн зөвшөөрдөг тухай илүү ихийг мэдэхийг хүсвэл «Библийн сургаалыг зөв ойлгох нь» номыг үзнэ үү. Уг номыг www.mt711.com сайтаас татаж авах боломжтой.