Skip to content

Гарчиг руу орох

Байгалийн гамшгийг даван туулах нь

Байгалийн гамшгийг даван туулах нь

Байгалийн гамшиг ойр ойрхон тохиолдож, хор хөнөөл учруулах нь ихсэж байна. Гамшгийг давахад туслах хэдэн зөвлөгөөг авч үзье.

Гамшгаас сэргийлэх нь.

«Хэрсүү хүн гай тотгорыг олж хараад, түүнээс зайлдаг. Харин хөнгөн хуумгай нь гай тотгорыг амсатлаа явна» гэж Библи хэлдэг (Сургаалт үгс 22:3, МБОХ, 1998). Энэ ухаалаг зөвлөгөөг хэрэгжүүлбэл байгалийн гамшгаас тодорхой хэмжээгээр сэрэмжилж болно. Галт уулын дэлбэрэлт, үер ус, салхи шуурганы аюулаас сэрэмжлүүллээ гэхэд аюултай бүсийг орхиж явах нь хэрсүү ухаалаг хэрэг юм. Амь нас гэр орон, эд хөрөнгөнөөс илүү үнэ цэнэтэй.

Зарим хүн гамшиг болох магадлал ихтэй газраас нүүх боломжтой байж болох юм. Нэгэн мэргэжилтэн: «Газарзүйн байршил нь гамшиг болоход ихээхэн нөлөөлдөг. Дэлхийн гадаргын өчүүхэн бага хэсэгт гамшиг болох магадлал өндөр байдаг бөгөөд ирээдүйд болох том хэмжээний гамшгийн ихэнх нь эдгээр бүс нутагт болно» гэж мэдэгджээ. Энэ нь үнэн байж болох юм. Тухайлбал, нам дор байрлалтай эргийн бүс нутаг юм уу дэлхийн хагарлын бүсүүдийн ойролцоох нутагт ийм юм болж болох юм. Хэрэв та энэ мэтийн аюултай бүсэд амьдрахгүй байх юм уу тийм газраас нүүх боломжтой бол гамшгаас бага хохирол амсаж болох юм.

Гамшгаас хамгаалах төлөвлөгөө гаргах, урьдчилан бэлдэх.

Гамшгаас сэргийлж чадах бүхнээ хийсэн ч гамшигт гэнэт өртөхийг үгүйсгэх аргагүй. Гэхдээ урьдчилан бэлтгэвэл гамшгийг даван туулахад илүү хялбар байна. Тэгээд ч бэлтгэлтэй байх нь дээр тэмдэглэсэн Сургаалт үгс 22:3-т байдаг зөвлөгөөг хэрэгжүүлж байгаа хэрэг юм. Та гамшиг боллоо гэхэд аваад гарахад бэлэн анхны тусламжийн цүнхтэй юү? Анхны тусламжийн хэрэгсэл, савласан ус, удаан хугацаагаар хадгалж болох хоол хүнс, хувийн бичиг баримт гэх мэтийг цүнхэндээ хийж бэлдсэн байхыг нэгэн гарын авлагад зөвлөжээ («1-2-3 of Disaster Education»). Түүнээс гадна, танай нутагт ямар ямар гамшиг болж болохыг, тухай бүрд нь юу хийж болохыг гэр бүлийнхэнтэйгээ ярилцах нь ухаалаг хэрэг.

Бурхантай дотно харьцаатай байх.

Амьдралд юу ч тохиолдсон, Бурхантай тогтоосон харьцаа тус болдог. Библид Бурхныг «өршөөлийн Эцэг, мөн бүх тайвшралын Бурхан мөн. ... Биднийг бүх зовлон дотор маань тайвшруулдаг» гэж бичсэн байдаг. Бас «дарамтанд байгсдыг тайвшруулагч» хэмээдэг (2 Коринт 1:3, 4; 7:6).

Тийм ээ, Бурхан өөрт нь найддаг хүний нөхцөл байдлыг сайн ойлгодог. Бурхны гол чанар нь хайр бөгөөд Бурхан биднийг янз бүрийн аргаар тайвшруулж, урам зориг өгдөг (1 Иохан 4:8). Бурхнаас гайхамшиг үйлдэхийг бус, хүчирхэг ариун сүнсээ өгөхийг гуйж залбирвал хэзээд тусалдаг. Ариун сүнс золгүй явдал тохиолдсон хүмүүст тайвширч, тайтгарахад нь туслах зүйлийг Библиэс сануулдаг. «Үхлийн харанхуйн хөндийгөөр туулавч би хор хөнөөлөөс айхгүй. Учир нь Та надтай хамт байна. Таны саваа, Таны таяг намайг тайвшруулдаг» хэмээсэн эртний Израилийн хаан Давидынх шиг сэтгэл Бурхны үнэнч үйлчлэгчдэд бас төрдөг (Дуулал 23:4).

Бурхнаас гайхамшиг үйлдэхийг бус, хүчирхэг ариун сүнсээ өгөхийг гуйж залбирвал хэзээд тусалдаг

Христианууд бие биедээ тусалдаг.

І зуунд христиан зөнч Агаб «бүх газрыг хамарсан их өлсгөлөн болно» хэмээсэн бөгөөд «энэ өлсгөлөн Клаудын хаанчлалын үед болжээ». Иудейд байсан Есүсийн олон шавь энэ өлсгөлөнд айхавтар нэрвэгджээ. Өөр газрын итгэл нэгтнүүд нь үүнийг сонсоод яасан бол? «Иудейд амьдрагч ах дүү нартаа дагалдагч бүр өөр өөрсдийн хэр чадлаар тусламж илгээхээр шийдэв» хэмээн Библид бичсэн байдаг (Үйлс 11:28, 29). Тэд хайрандаа хөтлөгдөн тусламжийн бараа илгээжээ.

Өнөө үед ч ноцтой хохирол учруулсан гамшиг болоход Бурхны үйлчлэгчид итгэл нэгтнүүддээ тусалдаг. Еховагийн Гэрчүүд бие биедээ тусалдгийг олон хүн мэддэг. Тухайлбал, 2010 оны 2 дугаар сарын 27-нд Чили улсад хүчтэй газар хөдлөлт болоход Еховагийн Гэрчүүд гамшигт нэрвэгдэгсдэд яаралтай тусламж үзүүлжээ. Цунамид гэр орноо алдсан Карла гэдэг Гэрч эмэгтэй: «Ердөө маргааш нь гэхэд бидэнд туслахаар өөр газраас итгэл нэгтнүүд маань ирсэнд баярлан тайвширч, сэтгэл сэргэж билээ. Сайхан сэтгэлтэй тэднийг Ехова явуулсан нь эргэлзээгүй. Ехова намайг хайрлаж, хамгаалдгийг мэдэрсэн» хэмээн ярьжээ. Энэ бүх явдлыг ажигласан Карлагийн өвөө : «Би олон жил сүмд явсан. Гэхдээ Гэрчүүд манай сүмийнхнээс огт өөр юм байна» гэж хэлжээ. Тэгээд Гэрчүүдээр Библийн хичээл заалгахыг хүсжээ.

Христианууд гамшигт нэрвэгдсэн итгэл нэгтнүүддээ тусалдаг

Бурхныг хайрладаг хүмүүстэй нөхөрлөх нь зовлонгийн бэрх цагт түшиг тулгуур болдог. Гэсэн хэдий ч дэлхий дахинд байгалийн гамшиг болдоггүй цаг ирэх болов уу? Энэ талаар Библид юу гэж байдгийг үзье.