Skip to content

ГЭР БҮЛД ЗОРИУЛСАН ЗӨВЛӨГӨӨ | ЭЦЭГ ЭХ

Ном унших нь яагаад чухал вэ?—Хэсэг 1: Унших дуртай юу, үзэх дуртай юу?

Ном унших нь яагаад чухал вэ?—Хэсэг 1: Унших дуртай юу, үзэх дуртай юу?

 Танай хүүхэд чөлөөт цагаараа кино үзэх дуртай юу, ном унших дуртай юу? Гарт нь голдуу юу байдаг вэ? Гар утас уу? Ном уу?

 Сүүлийн хэдэн арван жилийн хугацаанд технологи үсрэнгүй хөгжсөнөөр хүмүүс зурагт үзэж интернет хэрэглэхийг ном уншихаас илүүд үзэх болжээ. «Яваандаа хүмүүс ном уншихаа болино» гэж Жейн Хили 1990 онд номдоо бичсэн байна («Endangered Minds»).

 Тэр үеийн хүмүүст энэ нь хэтрүүлэг мэт санагдсан байж болох юм. Түүнээс хойш 30 гаруй жил өнгөрчээ. Эдүгээ техник технологийн өргөн хэрэглээтэй улс орнуудад ажилладаг сурган хүмүүжүүлэгчид хүүхэд залуучуудын унших чадвар эрс муудаж байгааг онцлон тэмдэглэж байна.

Энэ өгүүлэлд

 Ном унших нь хүүхдэд яагаад тустай вэ?

  •   Ном уншвал төсөөлөн бодох чадвар сайжирна. Жишээлбэл баатруудынх нь дуу хоолой, дүр төрх, байгаа орчныг нь төсөөлдөг. Хэдийгээр зохиолч зарим зүйлийг тайлбарладаг ч уншигч өөрөө төсөөлөн бодох хэрэгтэй хэсэг их бий.

     «Кино, видео үзнэ гэдэг нь өөр хүний төсөөллийг харж байна гэсэн үг. Энэ нь мэдээж сонирхолтой. Харин ном унших нь зохиолчийн бичсэнийг өөрөө төсөөлөн бодож оюун ухаандаа амьдруулдгаараа онцлог юм» хэмээн Лора гэдэг ээж хэлжээ.

  •   Ном уншвал сайн зан чанартай болно. Хүүхдүүд ном уншаад асуудлын цаана ямар шалтгаан байгааг, яаж шийдвэрлэж болохыг олж харж сурдаг. Бас анхаарал нь сайн төвлөрдөг. Тэгснээрээ тэвчээртэй, биеэ барьдаг, өрөвч сэтгэлтэй болдог.

     Өрөвч болдог гэж үү? Тийм ээ, зарим судлаачийн үзэж байгаагаар, хүүхдүүд номыг эргэцүүлэн бодоод яаралгүй уншихаараа баатруудын сэтгэлийг сайн ойлгодог. Улмаар тэд эргэн тойрныхоо хүмүүсийг ойлгож, өрөвдөж сурдаг ажээ.

  •   Ном уншвал эргэцүүлэн бодож сурна. Анхааралтай уншдаг хүн зохиогчийн санааг сайн ойлгох гэж өөртөө тохирсон хурдаар уншдаг. Шаардлагатай бол дахиж уншдаг. Ингэснээр тэд уншсан зүйлээ тогтоож, ач тус хүртдэг (1 Тимот 4:15).

     Жосеф гэдэг аав: «Ном уншвал ямар утгатайг, мэддэг зүйлтэй нь яаж холбогдож байгааг, ямар ач тустайг нь бодох боломжтой. Харин кино юм уу видео үзэхэд тийм ч их бодох шаардлага гардаггүй» гэж хэлжээ.

 Гол санаа: Кино, видео үзэх нь сайн талтай ч ном уншихгүй бол хүүхэд маш чухал зүйлийг алдаж мэднэ.

 Ном унших дуртай болоход нь хүүхдэдээ хэрхэн туслах вэ?

  •   Эртхэн эхлээрэй. Хоёр хүүгийн ээж Клое: «Хүүхдүүдээ гэдсэнд байхаас нь л ном уншиж өгдөг байлаа. Төрснийх нь дараа ч энэ хэвшлээ алдаагүй. Үүндээ их баярладаг юм. Яваандаа хүүхдүүд маань өөрсдөө ном унших дуртай болсон. Бүр ном уншиж зугаагаа гаргадаг гээч» хэмээн ярьсан.

     Библийн зарчим: «Ариун судруудыг багаасаа мэдэх болсон» (2 Тимот 3:15).

  •   Таатай орчин бүрдүүлээрэй. Ном хэвлэлийг гарт нь ойр газар тавивал хүүхдүүд хүссэн үедээ аваад уншина. «Би хүүхдүүдийнхээ унших дуртай номуудыг сонгон авч орных нь хажууд тавьдаг» гэж дөрвөн хүүхдийн ээж Тамара хэлсэн юм.

     Библийн зарчим: «Явах ёстой замаар нь замнуулахын тулд хүүхдийг сурга. Тэрээр өтөлсөн ч тэр замыг орхихгүй» (Сургаалт үгс 22:6).

  •   Интернэтийн хэрэглээгээ хязгаарлаарай. Даниел гэдэг аав 7 хоногийн нэг оройг цахим хэрэгсэлгүй өнгөрөөхийг зөвлөж байна. Тэрээр: «Манайх долоо хоногийн ядаж нэг үдшийг зурагт үзэлгүй, нам гүм өнгөрөөдөг байсан. Тийм орой хамтдаа эсвэл тус тусдаа юм уншдаг байж билээ» гэж дурссан.

     Библийн зарчим: «Илүү чухал юмыг магадал» (Филиппой 1:10).

  •   Үлгэр жишээ үзүүлээрэй. Карина хоёр охинтой. Тэрээр: «Хүүхдэдээ ном уншиж өгөхдөө нүдэнд нь харагдаж сэтгэлийг нь хөдөлтөл үйл явдлыг нь амилуулж уншаарай. Хэрвээ та ном унших дуртай бол хүүхэд чинь ч таныг дуурайна» гэж хэлжээ.

     Библийн зарчим: «Олны өмнө уншихыг ... анхаарч байгаарай» (1 Тимот 4:13).

 Бүх хүүхэд номын хорхойтон болохгүй. Гэхдээ та үлгэр жишээ үзүүлээд байвал хүүхдэд тань ном унших хүсэл төрж болох юм. Хоёр охины аав Дэвид бас нэг сонирхолтой арга хэлсэн юм. «Би охидынхоо уншдаг номыг уншаад тэднийхээ юу сонирхдогийг мэдэж авдаг байлаа. Үүний ачаар хүүхдүүдтэйгээ ярих сэдэвтэй болдог байсан. Нэг ёсондоо номын бяцхан клубтэй байлаа шүү дээ. Хөгжилтэй сайхан байжээ!».