Skip to content

Гарчиг руу орох

Зорилго тавих нь зураг төсөл гаргахтай адил. Хичээл зүтгэл гаргавал бодсон төлөвлөснөө бүтээнэ

ОХИД ХӨВГҮҮД

12. Зорилго тавих

12. Зорилго тавих

ЯАХЫГ ХЭЛЭХ ВЭ?

Зорилготой байна гэдэг нь ингэх юмсан, тэгэх юмсан гэж мөрөөдөхийн нэр биш ээ. Харин зорилготой хүн юмаа төлөвлөдөг, наанатай цаанатай ханддаг, шамдаж мэрийдэг.

Зорилгыг дотор нь ойрын (хэдэн өдөр эсвэл хэдэн 7 хоногийн), дунд хугацааны (хэдэн сарын), холын (нэг жил болон түүнээс дээш хугацааны) гэж гурав ангилж болно. Холын зорилгодоо хүрэхийн тулд эхлээд жижиг жижиг зорилгоо биелүүлэх хэрэгтэй.

ЯАГААД ЧУХАЛ БЭ?

Зорилгодоо хүрснээр өөртөө илүү итгэлтэй болно, нөхөрлөлөө зузаатгана, сэтгэл хангалуун болно.

Өөртөө итгэлтэй байна: Жижиг зорилго тавиад түүндээ хүрвэл илүү том зорилгод хүрэхийн төлөө хичээж мэрийх итгэл зоригтой болно. Мөн өдөр тутам тулгардаг, үе тэнгийнхнийхээ дарамт шахалт гэх мэтийн янз бүрийн бэрхшээлийг даваад өөртөө улам итгэлтэй болдог.

Нөхөрлөлөө зузаатгана: Хүмүүс ер нь, өмнөө тавьсан зорилготой хүнтэй хамт байх дуртай. Яагаад гэвэл зорилготой хүн юу хүсдэгээ мэддэг, түүндээ хүрэхийн тулд хичээж чармайдаг. Зорилго нэгтэй хүнтэй хамт зүтгэх нь нөхөрлөлөө зузаатгах нэг сайн арга юм.

Сэтгэл хангалуун болно: Хүн зорьсондоо хүрэхлээрээ хийж бүтээсэн зүйлдээ баярлаж сэтгэл хангалуун болдог.

«Би зорилготой байх дуртай. Зорилготой байвал хийх юмтай, хүсэл тэмүүлэлтэй байна. Зорьсондоо хүрээд хийж бүтээсэн зүйлээ эргээд харахлаар “Би чадлаа шүү дээ, хийж эхэлсэн юмаа амжилттай дуусгалаа” гэж өөрөөрөө бахархдаг»—Кристофер.

БИБЛИЙН ЗАРЧИМ: «Салхины аясыг харагч тариалж үл чадна, үүл харуулдагч нэгэн хурааж үл чадна» (Номлогчийн үгс 11:4).

ЯАХ ХЭРЭГТЭЙ ВЭ?

Зорилго тавьж түүндээ хүрье гэвэл дараах алхмыг хийгээрэй.

Зорилгоо тодорхойлоорой. Хүрч болохоор зорилгуудаа жагсааж бичээрэй. Дараа нь аль нь илүү чухал гэдгээр нь дугаарлаарай.

Төлөвлөөрэй. Тавьсан зорилго бүр дээрээ ...

  • хийж дуусгах өдрөө тогтоогоорой.

  • ямар шат дарааллаар хийхээ төлөвлөөрэй.

  • ямар саад тулгарч болохыг, яаж даван туулахаа тооцоолоорой.

Ажил хэрэг болгоорой. Бүх юмыг нарийн ширийн төлөвлөснийхөө дараа л хэрэгжүүлж эхэлнэ гэж битгий бодоорой. Харин «Зорилгодоо хүрэхийн тулд хамгийн түрүүнд юу хийж болох вэ?» гэж бодоод хийгээрэй. Юу хийснээ зурж тэмдэглээрэй.

БИБЛИЙН ЗАРЧИМ: «Хичээл зүтгэлтэй хүний төлөвлөгөөнүүд үнэхээр ашиг тусаа өгнө» (Сургаалт үгс 21:5).